Monday, January 25, 2016

Цаг хугацаа гэдэг

#art:

Цаг хугацаа гэдэг үрэгдээд дуусдаг хоосон атал
Цаг хугацаа гэдэг үрээд дундаршгүй дүүрэн юм

Хурууныхаа үзүүрийг
Хуруунд чинь хүргэх 
Нүргээнт агшины 
Нүгэлт чимээ чихнээ хангинаж
Өнгөрсөн он цагт
Туулж барсан бүхнийг
Өнөөдөртөө дурсаж 
Он жилүүдийг элээнэ

Эргэж хараад л
Эгцлэн гүйж
Энгэрт чинь
Эрхлэх бяцхан бялзуухай
Тэнгэрийн өнгөт далавчаа дэлгэн
Тэртээх одод руу нисэж байна
Хормийн төдийд л 
Холдож байна
Хоромхон зуур л 
Мартагнаж байна

Сэрүүн шөнө өвдгөө тэврэн суух зүрх
Сэтгэл гэх гүн харанхуй нүх
Ганцхан үсрээд эцэс төгсгөлгүй зовлонд унах
Ганцхан алхаад л элээж дуусашгүй жаргалд умбах

Шөнө бүр зүүдээ хөлөглөн 
Чиний дэргэдүүр хэрэн тэнэж
Сүүлчийн ганцхан итгэлээ тасарч унатал
Чиний сэтгэлд хатаж гундахгүй

Зовлон гэж нэрийдэх энэ их жаргал дунд
Зоргоороо амгалан яваагаа амьдрал гэж нэрийдэхгүй

16.01.13 01:40

No comments:

Post a Comment