Monday, September 28, 2015

Тэр л охинд





Анир чимээгүйг хамгийн сайхан хөгжим гэж нэрийдээд

Алгаа тосоод тэнгэрээс хур гуйдаг

Алхам тутамд ардаас чирэгдэх өчигдрийн дурсамжаа санагалзаад 

Ахиад нэг, ахиад нэг саначихаад л гээд санаа алддаг тэр л охинд



Дуу шиг учрал, шүлэг шиг хагацал

Дундуур бүхнээ чиний харцаар дүүргэчихсэн 

Чихээ таглаад, нүдээ аниад чиний дэргэдүүр чив чимээгүй өнгөрчихдөг ч 

Чин зүрхэндээ "баяртай" гэж хэлж зүрхэлдэггүй тэр л охинд 


Тэр саранд, тэртээх оддод 

Туранхай цээжин дэх хөндүүр бүхнээ шивнэчихдэг тэр л охинд 

Аз жаргал гэдэг чи юм, чиний нүд юм гээд 

Аяархан шивнээд шувуудын далавчинд амжиж дайгаад явуулчихдаг тэр л охинд 


Хүлээлт гэдэг тэсвэр юм, тэвчээр юм 

Хүрэх хязгаар нь харин чи юм гээд 

Хөндүүр зүрхнийхээ үнэн бүхнийг өчөөрэй 

Худал бүү хэлээрэй 

Худал л бүү хэлээрэй 

Хүлээсээр бэтгэрсэн 

Хүрэн цээжтэй тэр л охинд..... 





2014.08.01 











Б.Номиндалай

No comments:

Post a Comment